Манай вэбэд тавтай морилно уу.   Нэвтрэх |  Цахим захиалга



Яруу найраг

Сэтгүүлч Б.Нарангэрэл:

Why Not бол сэтгэлгээгээ задлах хамгийн эхний алхам

Бид энэ удаагийн “Урлаг”-ийн буландаа нэгэн залуу уран бүтээлчийг урьж оролцууллаа. “Ирмүүн” агентлагт сэтгүүлчээр ажилладаг түүнийг П.Нарангэрэл гэдэг. Та энэ залууг харсан ч байж магад, эсвэл зарим нэг нь бүр уулзсан ч байж магад. Учир нь тэрээр “Eagle” телевизээр гарч байгаа “Өврийн дэвтэр” хэмээх яруу найргийн реалити шоунд оролцож байгаа юм. Мөн сэтгүүлч хүн болохоороо уншигч тантай ямар нэг байдлаар уулзаж байсан ч магадгүй юм. Та “The Lemons” хамтлагийн “Хайртай” дуунд дуртай юу? Тэгвэл тэр дууны үгийг энэ залуу бичсэн. Өөрт тохиолдсон зүйлээ шүлэг болгож бичсэн энэ залуутай сонирхолтой яриа өрнүүлснээ танд хүргэе.

-Сайн уу, Нарангэрэлээ, ажил сайн уу?
-Сайн, сайн.
-Чиний шүлгүүдийг уншсан. Надад их таалагдлаа. Чи их өвөрмөц шүлэг бичдэг юм байна. Хэзээ шүлэг бичиж эхэлсэн бэ. Ямар урсгал чиглэлээр туурвидаг вэ?
-Долдугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн гэх үү дээ. Хүмүүст бодсон зүйлээ ойлгуулахын тулд шүлэг бичиж эхэлсэн. Миний эмзэглэл, бодол бүхэн минь хүмүүст хүрээсэй гэсэндээ шүлэг бичдэг болсон. Миний бичдэг урсгал бол ерөнхийдөө реалист гэхэд болно. Би багаасаа л Р.Чойномын шүлгүүдийг унших дуртай байлаа. Энэ маань хожим намайг шүлэг бичихэд их нөлөөлсөн юм уу даа. Хүн өөрийн дотор байгаа бодлоо цаасан дээр буулгаж шүлгээр дамжуулан хүмүүст хүргэнэ гэдэг бол миний хувьд маш хэрэгтэй зүйл. Учир нь гэвэл шүлэг бичих нь надад тайвшралыг өгдөг. Бодож байсан тухайн зүйлээ шүлэг болгон гаргахад миний сэтгэл санаа уужрах шиг л болдог.
 -Чиний шүлгүүдийн доор Авангард Реал гэсэн үг дандаа байдаг. Энэ чиний бичдэг урсгал мөн үү. Өмнө нь ийм урсгал байдаг гэж сонсоогүй юм байна?
-Тийм ээ мөн. Энэ урсгалаар би 2008 оноос эхэлж бичиж байгаа. Монголд энэ урсгалаар бичдэг зохиолчийг би мэдэхгүй. Энэ урсгалийг би дэлхийд байр сууриа олсон, түгээмэл дэлгэрсэн урсгал гэж бодохгүй байна. Яагаад гэвэл, би энэ урсгалыг өөрөө бодож олсон.
Зарим судлаач, шүүмжлэгчид “ийм урсгал хэзээ байсан юм бэ” гэж л байдаг. Миний хувьд бол тэр хүмүүст “Бурхнаас бусад нь байхгүй байгаад байдаг болсон зүйлс” гэж л хэлэх байна. Тэгэхээр миний одоо бичээд байгаа зүйл юу юм бэ гэвэл Авангард Реал л байсан. Өөрөөр хэлбэл, реал нь гол баримтлах ёстой зүйл буюу миний хэлэх гэсэн санаа юм. Харин Авангард бол зүгээр л түүний хэлбэр. Би яагаад энэ урсгалыг сонгосон юм бэ гэхээр ямар нэг зүйлд баригдахгүй, эрх чөлөөтэй байдаг учраас тэр. Би өөрийнхөө хүссэнээр аливаа зүйлийг энэ урсгалын тусламжтайгаар илэрхийлж, гаргаж ирж чаддаг. Хамгийн гол нь энэ хэлбэр бол эрх чөлөө. Гэлээ гээд би хэлэх гэсэн санаагаа авангард болгочихгүй. Хамгийн гол нь би үнэнийг л гаргахыг зорьж байгаа. Байдаг л зүйлийг. Гэхдээ энэ хэлбэр нь харьцангуй хийсвэр л дээ. Миний санаа авангард хэлбэрээр илэрснээрээ хүмүүсийг сэтгүүлэх, ургуулан бодох тал дээр боломж өгч байгаа юм. Дан реалист болоод ирэхээр зөвхөн ойлгуулах л байдаг. Авангард бол тухайн хүн тэр шүлгийг яаж ч хүлээж авч болно, Аль ч өнцгөөс нь харж болно. Олон талтай гэсэн үг л дээ. Гэхдээ миний зүгээс бодож гаргаж буй өнцөг бол ганцхан. Харин хүмүүс хөндлөнгөөс харахдаа янз бүрээр ойлгож, хүлээж авч болно. Үүгээрээ би хүмүүст өөрийнхөө бодлыг тулгаагүй, харин тэр хүнд өөрийнхөө өнцгөөс харж, сэтгэх боломжийг олгож байна гэсэн үг юм. Их уян хатан чанартай урсгал л даа. 
-Эрх чөлөөтэй урсгал учраас сонгосон гэж чи хэллээ. Тэгвэл энэ урсгалаас чинь өөр эрх чөлөөтэй урсгал байдаг биз дээ. Яагаад заавал Авангард Реал гэж?
-Байлгүй л яахав. Модернист, пост панк гээд урсгалууд байна. Эдгээр нь хоорондоо ерөнхийдөө төстэй. Гэхдээ миний сонгосон урсгал тэднээс реал голлож байгаагаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл, шүлэг маань тэр чигээрээ хийсвэр биш. Гагцхүү санаа нь реал, хэлж байгаа хэлбэр нь л хийсвэр. Энэ төрлийн бусад шүлгийн урсгалыг бодвол бодит чанар нь харьцангуй илүү юм уу даа.
-Чи миний асуултад нэг л тойруугаар хариулаад байх юм. Ингэж асуугаад байна л даа. Шүлэг бичих өчнөөн арга, хэлбэр байхад яагаад заавал энэ урсгалыг сонгосон юм бэ гэж л…?
-Реал бол миний хамгийн дуртай зүйл учраас тэр. Би бодит байгаа зүйлийг, үнэнийг хэлэх дуртай. Тиймдээ л Авангард Реалийг сонгосон. Реалийг яагаад авангард хэлбэрт оруулсан юм бэ гэхээр ямар нэг зүйлд баригдахгүй амар гэж. Юм гэдэг чинь ийм л байх ёстой гэсэн теором байхгүй шүү дээ. Хүмүүсийн тогтсон ойлголт мэтийн зүйлд огт баригдахгүй. Тухайн зүйлээ урвуугаар нь хэлсэн ч болно. Гол нь миний гаргаж байгаа санаа л зөв чигт байх хэрэгтэй. Нөгөө талаасаа тогтсон сэтгэлгээг өөрчлөе гэсэн үүднээс би энэ урсгалаар бичиж байгаа.  Зарим нэг хүмүүс энэ зүйл заавал ийм байх ёстой гэсэн сэтгэлгээнд баригдсанаас оюун ухаанаа тэлж, хөгжүүлж чаддаггүй. Би харин үүний эсрэг байдаг. Why not? Яагаад болохгүй гэж? Сэтгэлгээгээ задлах хамгийн эхний алхам бол Why Not шүү дээ. Энэ зүйл ийм байж яагаад болохгүй гэж бодох хэрэгтэй.
-Дараагийн алхам нь ?
-Тэр зүйлийнхээ төлөө өөрийнхөө бодож байгаа зүйлээ хийх явдал бол дараагийн алхам юм. Оролдоод л үзэх хэрэгтэй. Эхлээд бод дараа нь оролд.
-Чи авангард реал гэдгээ онолын талаас нь тайлбарлаач?
-Авангард бол реализмын хэв шинжийг хэрэгсдэггүй. Өөрөө хэлбэл, авангард, реал хоёр нь чихэр, давс л гэсэн үг. Гэхдээ би яагаад энэ хоёрыг нэгтгэсэн юм бэ гэхээр гүйцэтгэх үүрэг нь тусдаа учраас тэр. Авангард нь реалийг илэрхийлэхэд туслаж байна, харин реал бол idea буюу гол хэлэх зүйл маань бодитой байх ёстой. Онол гэж асуулаа. Реализм бол тодорхой ш дээ, бодит байдал. Харин авангард бол хийсвэр, хүмүүсийн түгээмэл ойлгодог авангардын гол хэв шинж нь реализмын эсрэг буюу боломжгүй зүйлийг ч болгож болдог гэсэн ойлголт юм уу даа. 
-Яаж сайн шүлэг бичих вэ?
-Хамгийн гол нь үнэнийг л бичих хэрэгтэй. Бас мэддэг зүйлээ. Нэг хүн хэлсэн байдаг, “Дайнд орж үзээгүй бол дайны тухай битгий бичээрэй” гэж. Яг үүнтэй л адилхан мэддэг зүйлээ л бичих хэрэгтэй. Би мэдэхгүй зүйлээ бичихээс айдаг.
-Тэгвэл чиний хамгийн сайн мэддэг зүйл юу вэ?
-Мэдээж хүн хүнээ хайрлах хайр. Энэ хайр дээр дэлхий оршин тогтнодог.
-Чи ямар нэг шашин шүтдэг үү?
-Би Христэд итгэдэг. 
-Хайр сэтгэлийн тухай чиний бодол?
-Товчхон хэлэхэд хайр бол хэзээ ирэх нь тодорхойгүй. Бас би сонгодоггүй юм билээ (инээв).
-Тэгээд хэн сонгоно гэж?
-Энэ зүрх л сонгочихдог юм байна билээ, тархи ч биш. Надад хайраас үлдсэн хамгийн тод зүйл гэвэл хайртай хүнийхээ сул талыг хүртэл хайрлаж чаддаг нь.  
-Чамайг “The Lemons” хамтлагийн “Хайртай” гэдэг дууны үгийг бичсэн гэж сонссон. Энэ тухай?
-Надад хайргүй чинь үнэн үү
 Намайг бодсондоо хуурсан тийм үү
 Найдаж хүлээх хэрэггүй гэл үү
 Найз нь ойлгохгүй явж тийм үү, гээд л… Энэ шүлгийг би дурласан үедээ бичсэн юм. 
-Чи өөрийгөө бичсэн юм байна шүү дээ. Чамд тэр бүсгүй яг тэгж хэлсэн юм уу?
-Үгүй л дээ, надад тэгж хэлээгүй. Би зүгээр өөрөө төсөөлөн бодсон байхгүй юу. Би сайн санаж байна. Арван жилийн хонхны баярынхаа маргааш нь хичээл дээр сууж байгаад эхний дөрвөн мөртийг нь бичсэн. Дараагийн мөртүүдийг нэгдүгээр курст байхдаа бичиж  дуусгасан юм.
-Чиний энэ шүлэг яаж дуу болсон юм бэ?
-“The Lemons” хамтлагийн дуучин Одбаяр бид хоёр долдугаар ангиасаа найзалж ирсэн. Тэгээд 2004 оны өвөл нэг орой тэр манайд ирээд надаас хэдэн шүлэг аваад явсан юм. Тэгээд л дуу болсон доо. Уг нь нэр нь “Хайртай” биш, “Уучлалт гуйх хэрэггүй чи минь” гэж байсан юм.  
-Бидэнтэй ярилцсан чамд баярлалаа. Ярилцлагын төгсгөлд хэдэн мөрт хэлээч?

Үйлс болдоггүй мэргэн ухаанаас
Үр дүнтэй ганц үйлдэл
Үхмэл амьдралтай баяны хөрөнгөөс
Үнэ цэнэтэй залуу нас


Үхэх, төрөхийн хоорон дахь
Хоромхон хүний амьдралаас
Үгийг нь хэрвээ хасчихвал
Хоосон дэвтэр л үлдэнэ


Дэлбээлэхийг хэтэрхий хүссэн цэцгийг услахгүй удаавал
Дэндүү тэр хүсэл нь заримдаа ургуулдаг юм байна
Дэлбээлсэн хойноо харамсалтай нь хагдарч үхэхгүй тарчилж
Дээр нь суусан эрвээхэй хүртэл зовлонд нь хорддог юм байна


МАЛЫН ИХ ЭМЧ
Ойлгов уу?
Ямар нэг юм ойлгогдсонгүй юу?
Дахиад тайлбарлая
Одоо ойлгов уу?
Ойлгохгүй байна гэж үү дээ?
Энэ чинь маш энгийн зүйл шүү дээ
Тэгвэл энэ юу вэ?
Юм харагдаж байна уу?
Ямар нэгэн зүйл харагдахгүй байна уу?
Май энэ микроскофоор хар
Бүр юу ч харагдахгүй байна гэж үү?
Алив энэ салхивч нээгээдэх
Чшш… чимээгүй чагна
Тэд юу гэж байна?
Юм сонсогдохгүй байна уу?
Энэ чагнуурыг хийгээд үз дээ
Юу ч сонсогдохгүй байна гэж үү?
Хачин юм даа
Чиний хамгийн их хэрэглэдэг үг чинь юу вэ?
Эрх ашиг, хөгжил дэвшил
Айн?
Түрүүнээс нааш наадахыг чинь л
Тайлбарлаж, харуулж, сонсголоо шүү дээ
Тэгэхээр өөрийг чинь
Хэн төрүүлсэн болж таарч байна даа?
Таг мартчихаж… /Тэр түүнийг сандалтлай нь өшиглөж унагав/

2009.03.17нд  Авангард Реал




Оддын гэрэл зурагчин Энни Лейбовицийн шилдэг кадрууд

...

 

Ханхүү ба сарнай

Хосе Рибера Испанийн жижигхэн хот Хативад төржээ. Бага залуугаасаа уран зургаар оролдож 21 настайдаа Итали оронд очсон байна. Эхлээд Ромд ирсэн боловч тэр үед Испанийн титмийн мэдэлд байсан бөгөөд эх газраас нь ирүүлсэн дэд хаантны захирдаг Неаполь хотод суурьшив.

 


 
Зар сурталчилгаа
Санал асуулга
Та манай вэбээс ямар төрлийн мэдээлэл авмаар байна ?
Хувцас, загвар
Гоо сайхны зөвлөгөө
Амьдралын хэв, маяг
Оддын амьдралаас
Фото мэдээ
Санал асуулгын үр дүн


Аптаун сэтгүүл © 2008 он. “Uptown” сэтгүүл дээр хэвлэгдэн нийтлэгдсэн өгүүллэг, зураг, реклам, бусад материалыг редакцийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр бүрэн ба хэсэгчилсэн хэлбэрээр дахин нийтлэхийг хатуу хориглоно. Сэтгүүлд нийтлэгдсэн реклам, зар сурталчилгааны үнэн бодит байдлыг редакци хариуцахгүй болно. “Uptown” сэтгүүлийн нэрийг зөвхөн “Wisdom” хэвлэлийн агентлаг эзэмших эрхтэй.
 
Вэб сайтын хөгжүүлэлтийг Infinite Solutions ХХК