Сэтгэл зүй

Стресс – түүнийг удирдах 10 арга
Та стрессийг удирдан жолоодох урлагийн талаар хэр мэдэх вэ. Та стрессээ одоо байгаагаас нь100 хувь хүртэл ихэсгэж чадах уу. Таны бие цоо эрүүл, ажил үйлс тань бүтэмжтэй, бүх зүйл тайван байгаа нөхцөлд шүү дээ. Тэгвэл оролдоод үз. Энэ бүхэн таны гарт байгаа, бас тийм ч хэцүү биш. Учир нь стрессээ хэрхэн ихэсгэх арга барилыг төгс эзэмшиж чадсанаар та түүнийг хянах боломжтой боллоо гэсэн үг. Одоо доорх тактикийг хэрэглээд үзье.
1. Өөрийгөө дарамтад оруул
Зүгээр л булчингаа чангалаад хэсэг суу, хөмсгөө зангид. Шүдээ зуу. Амьсгалах ч бэрх болтол нь цээжээ байдгаар нь давчдуул. Ерөнхийдөө энэ бүхэн бараг л хангалттай. Гэхдээ хэрэв хүсвэл гарынхаа шуу, өгзөг гэхчлэн биеийн бусад хэсгийг чангалж болно.
Үр дүн: Таны санаа бодол, энэ бүхнийг даван туулах гэсэн бүх мэдрэмж тань хэвийн байдгаасаа хэтэрч гамшгийн байдалтай болон хувирна.
2. Хөдөлгөөнөөс татгалз
Бүтэн өдөржингөө сууж ажилла. Орой үлдсэн цагаа телевизийн өмнө өнгөрөө.
Үр дүн: Хэдэн өдөр ч өнгөрөөгүй байхад таны стресс маш хүчтэй нэмэгдэнэ. Хөдөлгөөн танд ямар их садаа болж, ямар их зүйлээс анхаарлыг тань сарниулдаг байсан тухай таагүй дурсамжууд сэргэж эхэлнэ.
3. Жинхэнэ эмийн хэрэглэ.
Никотин, кофейн, сахарыг байнга өсөх дарааллаар хэрэглэ. Тэр ч байтугай согтууруулах ундааны хольцтой кофе уу.
Үр дүн: Та тун удалгүй биохимитэй холбоотойгоор таны биеийн байдал хэрхэн хүчтэй өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Тэр ч байтугай тайвшруулах эм хэрэгслийг их хэмжээгээр хэрэглэснээр таны цовоо сэргэлэн байх, амрах процесс алдагдана.
4. Байнга биеэ чагна
Өөрийнхөө биеийн байдалд онцгой анхаарал хандуулж эхэл. Таны зүүн гар хачин оргиж байгааг мэдэрч байна уу. Таны гэдэс дотор үл мэдэг зовиур мэдрэгдэхгүй байна гэж үү. Энэ бүхэн нэг л сэжигтэй санагдахгүй байна гэж үү.
Үр дүн: Та заавал ямар нэг үл мэдэг зүйлийг мэдэрч оношлогдоогүй өвчнийхөө тухай бодож эхэлнэ. Энэ арга барилыг ялангуяа анагаахын ном уншиж судлахтай хослуулбал маш сайн үр дүнгээ өгнө.
5. Глобал асуудлуудын тухай бод
Хэзээ ч та өөрөө хяналт тавьж, бас шийдвэрлэж чадахгүй зүйлүүдийнхээ тухай байнга бод. Өдөрт дор хаяж хагас цаг орчим тахал өвчин, далайн хар салхи, дэлхийн хүйтрэл зэрэг дэлхий ертөнцөд тохиолдож болох томоохон гамшгуудын талаар бодож бай.
Үр дүн: Дарамт, айдас, аврагдах найдлагагүй байдлыг мэдрэх болно.
6. Аз жаргалтай байхад надад юу дутагдаж байна вэ
Өөрийнхөө амьдралыг “Надад юу дутагдаж байна вэ” гэсэн өнцгөөс нь харж эхэл. Өөрөөсөө илүү амжилттай явж байгаа танил хүмүүс болоод алдартнуудын намтраас түүвэрлэж байгаад энэ тухайгаа бодвол бүр сайн. Тэр тусмаа та өөрөө хэзээ ч худалдан авч дийлэхгүй өндөр үнэтэй барааны каталог бүхий зузаан сэтгүүлийг эргүүлэнгээ энэ тухайгаа бодвол илүү үр дүн өгнө.
Үр дүн: Хэрвээ та ийм түлхүүрийн нүхээр өөрийнхөө амьдралыг харах юм бол танд өөрийгөө “азгүй амьтан” хэмээн мэдрэх шалтгаан ямагт олдох болно.
7. Байнга ямар нэг зүйлд яар
Үргэлж яарч байхыг хичээ. Хүүхэдтэйгээ тоглож байхдаа, амарч байхдаа ч байнга яарч бай.
Үр дүн: Таны амьдралдаа хийж байгаа бүх зүйл чинь өнгөцхөн хийгдэж танд ямар ч таашаал сайн сайхан зүйлийг авчрахаа болино.
8. Хийх зүйлээ байнга хойшлуул
Хийх ажил, гаргах шийдвэр бүрээ “дараа болъё, дараа хийе” гэж хойшлуул.
Үр дүн: Энэ нь танд буруутай мэт сэтгэгдлийг байнга төрүүлж, хэсэг хугацааны дараа уул мэт овоолоостой асуудлаа шийдэж чадахгүй сул дорой байдлаа, хүчгүй байлаа мэдрэх боломжийг танд олгоно.
9. Хамгийн дээд зэрэглэлд хүрэхийг тэмүүл
Байж болох хамгийн өндөр стандартад хүрнэ гэсэн зорилго тавьж өөрийнхөө жижигхэн ч гэсэн алдаа, төгс биш байдлын төлөө өөрийгөө байнга буруутга.
Үр дүн: Таны хүрэх гэж буй төгс байдалд хүрэх ямар ч боломжгүй тул байнга таныг дагалдах сүйрлийн байдлаар та хангагдлаа гэсэн үг.
10. Инээдтэй юм юу ч байхгүй
Амьдралаасаа инээд болон хошин шогийн хөгжилтэй мэдрэмжүүдийг бүгдийг нь авч хая.
Үр дүн: Таны стресс шууд өсөн нэмэгдэнэ. Яагаад гэвэл, стресс инээд хоёр хоорондоо хэзээ ч тохирдоггүй. Учир нь стресс гэдэг чинь тун чухал зүйл шүү дээ. Энд мэдээж стрессээ ихэсгэж болох бүх арга барилыг багтаагаагүй нь ойлгомжтой. Тоочоод байвал мянга мянгаар тогтохгүй олон байгаа. Магадгүй та эдгээр аргуудын аль нэгийг хэрэглэж үзэж болох л юм. Эсвэл танд өөр илүү дуртай өвөрмөц арга барил байдаг ч байж болох шүү дээ. Стрессээ хэрхэн ихэсгэх арга барилыг төгс эзэмшиж чадсанаар та түүнийг хянах боломжтой боллоо гэсэн үг. Учир нь энэ аргыг хэрэглэх үү, үгүй юу гэдгээ та өөрөө шийдэх учраас эрх чөлөө таны гарт байна.
Хосоороо стресстэх аргууд
Та хайртай хүнтэйгээ хамтдаа стресст өртөх боломжтой. Жишээ болгон хэд хэдэн энгийн аргуудыг танд зааж өгье.
Тэр намайг хуурч л байг
Хэн нэгэн хүнийг, эсвэл хайртай хүнээ ч хамаагүй хуурах зорилгыг өөртөө тавь.
Үр дүн: Энэ бол биелэшгүй зорилт. Яагаад гэвэл, таны хайрт чинь хуурах гээд байгааг тань мэдэх л юм бол эсэргүүцэж эхэлнэ. Ингээд та хоёрын хамтдаа цагийг өнгөрөөж байгаа бүхэн чинь, түүний дотор секс, оройн хоол, зугаалга, дэлгүүр хэсэх гээд бүх зүйл чинь хайр найргүй, ямар ч үр дүнгүй тэмцэл болон хувирна.
Хөнжил доторхи стресс
Хайртай хүндээ түүний юу нь таалагдаж байгаа, юу нь таалагдахгүй байгааг хэзээ ч битгий хэл.
Үр дүн: Энэ бүхэн сексийн байнгын сэтгэл хангалуун бус байдал, үл ойлголцлыг авчирч, хайртынхаа мэдрэмжгүй байдалд гомдсон удаан хугацааны гомдол болон хувирна.
Бодлыг нь унш
Таны найз залуу “Чи ямар ядруу харагдаж байна аа” гэхэд та түүнд, “Би чамд таалагдахаа болиод удаж байгаагаа мэдэж байна” гэж хариулна. Харин тэр “Энэ мах арай л дэндүү шорвог амттай болчихсон юм шиг ээ” гэвэл энэ нь таныг “Чи үргэлж л намайг унтрааж байх юм аа” гэж хэлэх эрхтэй болгож байна.
Үр дүн: Чадварлагаар юу бодож байгааг нь уншсанаар хайртынхаа ямар ч гэм зэмгүй хөдөлгөөн, үйлдэл бүхэнд нь гомдох шалтаг танд гарч ирнэ. Түүний хэлсэн үг, үйлдэл бүхэн таны стрессийг ихэсгэж, тэр өөрийнхөө буруугүй гэдгээ таны өмнө хэзээ ч нотолж чадахгүй байдал үүснэ.
Ам хамхилгүй ярь
Хайрттайгаа хамт байхдаа цаг үргэлж зогсолтгүй ярих аргыг хэрэглэ. Жижигхэн завсарлага гарах л юм бол заавал нэг үг амжиж хэл.
Үр дүн: Ихэнх эрчүүд хэт ачааллыг маш хурдан мэдэрч эхэлнэ. Учир нь тэд 10-15 секунд л анхааралтай сонсох чадвартай байдаг. Ийм ч учраас тэр удалгүй өөрийнхөө ертөнц рүү одож, харин та “намайг ерөөсөө ойлгохгүй, сонсохгүй байна” гэсэн гомдол гаргах эрхтэй үлдэнэ.
Дуугаа хураа, бүх зүйлээ нууцла
Хайрттайгаа өөртөө тохиолдсон таагүй явдлын тухай бүү ярь. Танд юу таалагддаггүй, юу таалагддаг, та түүнээс юу хүсдэг талаараа юу ч бүү ярь.
Үр дүн: Энэ арга барил шууд үр дүнгээ өгөхгүй ч араасаа олон жилийн тотвортой стрессийг дагуулж чаддагаараа онцлогтой.
Хэрвээ та хайртдаа өөрийнхөө асуудлуудыг, сэтгэл хангалуун бус байгаа зүйлийнхээ талаар ярихгүй яваад л байх юм бол стресс үл үзэгдэм байдлаар тогтвортой өсөн нэмэгдэж, улам их дарамтыг бий болгож эхэлнэ. Энэ нь нэгэн цагт тэсрэлтээр эсвэл бүр хөрөлт, үзэн ядалтаар ч дуусч магадгүй.
Гэхдээ энэ бүхний эсрэг арга хэмжээг авч чадвал та стрессээс гарч чадна гэдгийг ойлгосон байх гэж найдна.

Цонх-1
Стресс бидэнд ямар хэрэгтэй вэ
Амьдрал дахь стресс бидний оролцоогүйгээр хангалттай их байсаар атал түүнийг хиймлээр өсгөхийн төлөө хүмүүс яагаад ийнхүү хүчин чармайлт гаргадаг юм бол оо. Стрессийн байдалд байгаа хүн ямар нэг асуудлаа илүү сайн шийдэж чаддаг гэж үү. Энэ талаар сэтгэл зүйчид юу гэж зөвлөх байсан бол. Эсвэл энэ бүхнээс гарах ямар нэг үр ашиг байна уу.
Стресс бидэнд юу авчирдаг вэ:
-Амьдралд эрсдэл хангалттай бус байх үед адреналиныг цочроож, таныг сэргээнэ.
-Өөрийгөө их чухал хүн гэсэн мэдрэмжийг танд төрүүлж, үргэлж завгүй, юунд ч оролцож амждаггүй чухал хүн болгон харагдуулна.
-Хүнтэй ойртон дотносохоос зайлсхийхэд тань тусалж, тодорхой зайг ямагт хадгалж чаддаг.
-Хүнтэй харилцаанд орохоос айсан хүн тэр чигээрээ чухал ажил руу толгойгоороо яваад орчихно шүү дээ.
-Хариуцлага хүлээхээс зайлсхийх боломжийг танд олгоно. /Надад энэ асуудлыг шийдэх зав байхгүй., би маш завгүй хүн/
-Эргэн тойрныхоо хүмүүсийг өөртөө захирагдахыг шаардах боломж өгнө. Яг л дайны байдалд байгаа улс орон шиг.
Цонх-2
Инээд ба стресс
Инээд стресс хоёр яагаад ч тохирохгүй. Инээд нь стресс болон түүний үр дагаврыг юунд хүргэж болохыг одоо сонирхоё.
-Булчин болон мэдрэлийг сулруулдаг.
-Азтай, бүх юм бүтэмжтэй гэсэн мэдрэмжийг төрүүлээд байдаг.
-Аз жаргалын гормон болох эндорфиныг суллаад тавьчихдаг.
-Стрессийн гормоны түвшинг бууруулдаг /эпинефрин, кортизол болон бусад/
-Цусны даралтыг бууруулдаг.
-Зүрхний үйл ажиллагааг сайн байлгадаг.
-Уушгийг нүүрс хүчлийн хийнээс чөлөөлж цэвэрлэдэг.
-Булчингийн уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.
-Дархлааны системийг идэвхжүүлдэг.