Сэтгэл зүй
Стресст орсон дотны хүндээ хэрхэн туслах вэ?

“Хайртай хүн чинь стресст орсон үед, хэзээ ч түүнээсээ холдож болохгүй” гэж сэтгэл судлаач Сара Нейш ярьж байна.
Түүнийг яриулах гэж бүү шахаж шаард
Хайртай хүн тань дуугаа хураасан бол энэ нь байдлыг үл тоомсорлож байна гэсэн үг биш юм. “Зарим хүмүүс болж буй үйл явдлыг тунгааж, чухам юм болоод байгааг ойлгохын тулд ганцаар үлдэж, улмаар дуугуй байдалд ордог” хэмээн “Төгс төгөлдөр нөхөрлөл” номын зохиолч Энни Лайонет хэлсэн байдаг. Магадгүй бүх зүйл харагдаж байгаагаасаа тэс ондоо байж болох юм. Тэрээр энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр аргагүй болсон ч байж болох юм.
Таныг дагах буюу дууриах
Таны ойр дотны буюу хайртай хүн чинь хүнд асуудалтай тулгарсан үед, түүнтэй хамт доош живж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Гэхдээ асуудлыг шийдвэрлэхийн оронд, зовлонг нь хуваалцаж байна гээд хамт гутранги болох нь түүнд нэмэр болохгүй хэмээн Лайонет зөвлөж байна. Өөрөөр хэлбэл, түүний гутранги байдлыг тэр дор нь учиргүй баяр хөөрөөр солих гээд хэрэггүй. Хамгийн гол нь байдлыг өөдрөгөөр дүгнэж амьдралд түүнээс ч доор зүйл тохиолдож болно гэдгийг тайлбарлаж, сэтгэлийг нь сэргээх нь чухал юм.
Түүний гомдлыг хүлээж авах
Хайртай хүний чинь стрессийн даралт эсвэл гомдол нь таны төсөөлж байснаас огт өөр маягаар илэрхийлэгдэж болно гэдгийг санаарай. Танд түүний зовлон магадгүй жижигхэн асуудал мэт санагдаж болох юм. Гэхдээ түүнд ийнхүү дэмий зүйлд сэтгэлээ зовоож байна гэдгийг нь мэдүүлэхгүй байх хэрэгтэй. Эс тэгвэл, тэрбээр танаас улам зайгаа барьж эхлэх бий. Мөн түүний сэтгэлийг зовоож байгаа зүйлсийг нь ойлгохыг хичээж, учир шалтгааныг тогтоох нь нэн чухал билээ.
Санаанд нь хүргэх
Хайртай хүнээ та хоёрын хоорондын тодорхой үүрэг даалгавраас чөлөөлж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, хэрвээ урьд өмнө нь тэрбээр таныг халамжилж, тусламж үзүүлдэг байсан бол, одоо та түүнд өөрийгөө хүчтэй эсвэл зоригтой гэдгээ харуул. Өөдрөг үзэлтэйгээр бүхнийг өөрөө хийж, гүйцэтгэж чадна гэсэн үлгэр жишээг түүндээ харуулах нь зүйтэй. Ингэснээр хайртай хүн чинь танд санаа зовохгүйгээр бага ч болтугай дарамтаас ангижирна. Өөрөөр хэлбэл, тэрээр өөрийн асуудлаа тайвнаар шийдвэрлэх боломжтой болно гэсэн үг юм.


Хэрхэн…
Бүтэлгүй өдрийг даван туулах вэ?
Сэтгэл судлаач Лаура Бонд “Өөрийнхөө дотоод сэтгэлийг ухаарсны дараа өөдрөг үзэлтэй болж сурах хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна.
Үүнийг мэдэр
Эвдэрсэн ус буцалгагч, итгэл алдсан анд нөхөр эсвэл таагүй мэдээ сонсох гээд бидний амьдралд сэтгэл тавгүйтүүлэх зүйлс чамгүй тохиолддог. Ийм тохиолдлууд бидэнд уур бухимдал, гомдол авчрах нь олонтаа. Тиймээс танд таагүй зүйлс тохиолдсон үед өөрөө өөртөө хүлээцтэй хандаж, өөрийгөө хайрлаж, өөрийнхөө байгаа байдлыг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй гэж дасгалжуулагч Сэвэн Сүфи зөвлөж байна.
Холдох
“Өөрийн сэтгэлзүйн байдлыг хянах хангалттай туршлагатай болсон бол та өөрийгөө бэрхшээлээс тусгаарлаж мөн тухайн байдлыг өөрчлөх ямар нэгэн арга олох чадвартай болсон гэсэн үг” хэмээн Сүфи тайлбарлаж байна. Харин өөрийгөө хянаж сураагүй бол та өөрийн алдаа буюу туршлагаасаа суралцахыг оролдоорой. Тухайлбал, болж өнгөрсөн үйл явдлыг сайн талаас нь эргэцүүл. Эсвэл яавал сайн тал руу нь эргүүлж болох байсан бэ гэж бодоод үз. Ингэснээр та алдаагаа хянаж, мөн дахин алдахгүй байж чадах юм.
Өөрөө өөрийгөө сатааруулах
Гадуур алхах, найз нөхөдтэйгээ ярьж хөөрөх эсвэл хөгжим сонсох нь бүгд сөрөг сэтгэгдлээс зайлсхийх арга болдог. “Бид зогсонги байдалд орохоос сэргийлж өөрсдийгөө эрч хүчээр цэнэглэж авахын тулд дээрх аргуудыг хэрэглэж, энэ нь бидний хувьд амин чухал хэрэгцээ болдог юм” хэмээн сэтгэл судлаач, доктор Майкл Синклер хэлжээ.
Зоргоор нь байлгах
“Сэтгэл санаагаар унасан үед бид ихэвчлэн бодлогогүй машин мэт болон хувирдаг” гэж Синклер тодорхойлжээ. Мөн аливаа бэрхшээлээс гарахын тулд хорхой хүргэмээр тамхи татах, хатуу юм уух, эсвэл зогсоо зайгүй идэж эхэлдэг. Гэхдээ эцсийн эцэст эдгээр нь асуудлаас гарах биш, харин ч эсрэгээрээ байдлыг улам дордуулдаг. Хүн төрөлхтөн сэтгэлээ илэрхийлж, жинхэнэ тайтгарлалыг хайж байх тохиолдолд дээрх аргуудыг хэрэглэдэг. Харин дараа нь өөрөө харамсаж засрашгүй явдал үүсгэх аюултай. Иймд аливаа асуудлыг эерэг талаас нь дүгнэж, сайн ашигтай талыг нь олоход бүх л анхаарлаа хандуулж байхыг Синклер санал болгосон байна.