РОКФЕЛЛЕРИЙН НЭРЭМЖИТ НҮБ
НҮБ-ын барилгын цогцолбор зарим хүмүүст жигтэйхэн их таалагдана. Гэтэл нөгөө хэсэгт нь огтоос таалагдахгүй. Тухайлбал, “Толгод дээр тэртээ алсаас НҮБ-ыг санагдуулсан аймаар байшин харагдана” хэмээн тухай үедээ бичиж байсан Владимир Высоцкийд уг барилгын цогцолбор ердөө ч таалагдаагүй нь тодорхой. “Тэртээ алсаас” бол тамгын газрынх нь 39 давхар цамхаг, Ерөнхий ассамблей, номын сан, хуралдааны танхим гэсэн гурван гол байр л цэнхэртэн харагдана.
Харин ойртох тусам тус тусын онцлог нь улам тодорно. НҮБ-ын байгууламжийн ерөнхий төрх Нью-Йорк хотын архитектурын хэв загварт зохицжээ. НҮБ-ыг үүсгэн байгуулагчид өөрсдийн дүрмээ баталсан 1945 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс хойш “Дэлхийн Засгийн газар хаана байрлах вэ?” гэдэг дээр ердөө ч асуудал үүсгээгүй аж. Тэд шууд л хөгшин Европоос хавьгүй залуухан бас шинэлэг харагдах Америк оронд НҮБ-ын албан байрыг барихаар шийдсэн билээ. Эхлээд Филадельфи, Бостон, Сан-Франциско хотууд болон Нью-Йорк мужийн хойд хэсгийг сонирхож үзжээ.
Ихэнх нь Манхэттен НҮБ-ын төв байрыг байгуулахад хамгийн тохиромжтой санагдаж байсан ч газар нь өндөр үнэтэй байлаа. Тэгээд 1946 онд тэрбумтан Жон Рокфеллер тэдэнд тус болж тэр үедээ л асар их мөнгөнд тооцогдож байсан 8,5 сая ам.доллараар East River-ээс холгүй 18 акр газрыг НҮБ-д зориулан худалдан авч өгчээ. Хууль тогтоомжоор олон улсын байгууллага нь үнэ хөлсгүйгээр хүнээс их хэмжээний мөнгө авах хориотой байсан учраас 1947 оноос эхлэн НҮБ жил бүр 100 ам.долларыг газрын түрээс болгон Рокфеллерынханд төлж эхэлжээ. Мөн Америкийн Засгийн газраас сайхан сэтгэл гарган НҮБ-ын цогцолбор барилгыг барихад 64,5 сая ам.долларыг ямар ч хүүгүйгээр зээлдүүлсэн юм. Тэр зээлийг НҮБ 1982 онд төлж барагдуулсан билээ.
Рокфеллерийн худалдан авч өгсөн 18 акр газарт өмнө нь мал нядалгааны газрууд, төмөр замын депо, боомтууд байсан болохоор барилгын ажилд нэлээд саадтай байлаа. Ле Корбюзье, Оскар Нимейер, Николай Басков нарын уран барилгачдын бүлгийг нэрт архитектор Уоллес Гаррисон толгойлон олон янзын зураг төсөл танилцуулснаас өнөөгийн бидний мэдэх НҮБ-ын барилгын зураг төсөл сонгогджээ. Яваандаа Рокфеллерийн бэлэглэсэн газар багадаад НҮБ улам тэлж гадагш “түрэмгийлж” эхлэв. Одоо бол East River-ийн бараг бүхэлдээ буюу арваад дүүрэг НҮБ-ын газар нутаг болжээ.